EN

“МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БНСУ-Д “K-ХАЯГ ГЛОБАЛ АКАДЕМИ” СЭДЭВТ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🇲🇳🇰🇷 Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон БНСУ-ын Газар, геоматик (LX) корпораци хооронд “Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх” төслийг Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр 2026–2029 оны хооронд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр санамж байгуулан хамтран ажиллаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх 1 дүгээр ээлжийн сургалтыг БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны санхүүжилтээр 2025 оны 8 дугаар сард БНСУ-ын Кунжү хотод LX корпорациас хариуцан зохион байгуулж байсан бол энэ удаа 2 дугаар ээлжийн сургалт 2025 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд мөн амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго нь Монгол Улсын одоогийн хаягийн тогтолцоог шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, хаягт суурилсан үйлчилгээний дэвшилтэт шийдлийг судалж нутагшуулах, түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм.
Энэ удаагийн сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөл болсон хаягийн асуудал хариуцан ажилдаг нийт 20 төрийн албан хаагчид хамрагдлаа.
Мөн БНСУ-д зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаантай нэгтгэсэн хаяг нь Дэлхийтэй холбосон түлхүүр юм /Addresses Integrated with AI, the Key to a Connected World/“ уриан дор “K-Хаягийн инновац” олон улсын хуралд дээрх албан хаагчид оролцсон нь энэ удаагийн сургалтын бас нэг давуу тал байлаа.
Тус сургалтад хамрагдаж буй албан хаагчид нь LX корпорацийн “Газрын мэдээллийн сургалтын төв бааз”-д байрлан “K-хаяг”-ийн тогтолцоо, олон улсын хаягийн менежментийн шилдэг туршлагын талаар мэдлэг олж авлаа. Үүнд:
✅“K-хаяг”-ийн түүх, төрөл;
✅“K-хаяг”-ийн мэдээллийн систем, олон улсын хамтын ажиллагааны чиглэл;
✅“K-хаяг”-ийн шинэчлэлийн төсөл, үйлчилгээний модел.
Мөн сургалтад оролцогчид БНСУ-ын Орон нутгийн захиргааны мэдээллийн хөгжлийн хүрээлэнд (KLID) практик дадлага хийж, хаягийн мэдээлэлд суурилсан үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, инноваци, бүтээгдэхүүнтэй танилцсан. Үүнд:
✅ Хаягийн өгөгдлийн бүтэц, зурагчлах болон боловсруулах дадлага;
✅ Аюулгүй байдлын сургалтын төв, шуудангийн салбарын хаягт суурилсан үйл ажиллагаа;
✅ Инчон хотын смарт хяналтын төв, робот хүргэлтийн үйлчилгээ;
✅ EVAR Corp (автомат робот цэнэглэгч), SDT LLC (хаягийн самбарын үйлдвэр)-ын инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ.
Энэхүү сургалтын үр дүнд Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчид БНСУ-ын хаягийн мэдээллийн системийн туршлага, шилдэг шийдлүүдтэй танилцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм.
Дээш буцах