“МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ДАМЖУУЛАН ДИЖИТАЛ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ЧАДАМЖИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Энэхүү уулзалтад KOICA (KOICA) олон улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Жо Хён Ран, дэд дарга Со Хён Жэ нар болон БНСУ-ын Газар, геоматик (LX) корпорацийн судалгааны багийн төлөөлөгчид, мөн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

“Монгол Улсын хаягийн мэдээллийн системийн шинэчлэлээр дамжуулан дижитал төрийн захиргааны чадамжийг бэхжүүлэх төсөл” нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон БНСУ-ын Газар, геоматик (LX) корпораци хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд, КОЙКА (KOICA) олон улсын байгууллагын санхүүжилт, дэмжлэгтэйгээр 2026–2029 онд хэрэгжих юм.

Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын хаягийн асуудалд холбогдолтой 26 байгууллагын 40 мэргэжилтэн 2025 оны 08 дугаар сард болон 09 дүгээр сард БНСУ-д хоёр ээлжээр зохион байгуулагдсан “К-Хаяг глобал академи” сургалтад амжилттай хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн нь төслийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Төслийн хүрээнд хаягийн мэдээллийн системийг шинэчилж, дижитал төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог оновчтой болгох, хаягжуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.


Энэхүү хамтын ажиллагаа нь дижитал засаглалын суурийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэн бүрт илүү хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой гэж оролцогчид онцоллоо.

