EN

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ТОГТООСОН ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА ЗАРЛИГ, ТОГТООЛЫГ МӨРДӨЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зарим аймаг, сумдын хилийн цэстэй холбоотой үүссэн маргааны талаарх мэдээллийг танилцууллаа.
Тус хуралдаанаас аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг тогтоосон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоолыг мөрдүүлэх, хилийн цэсийг тогтоосон зарлиг, тогтоол гарснаас хойш батлагдсан газар зүйн нэрийг үндэслэн хилийн цэсийн маргаан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь иргэд, олон нийтэд хилийн цэсийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоосон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан хилийн цэсийн мэдээ, холбогдох архивын баримт материалыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд 2024 онд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс, заагийн мэдээллийн нэгдсэн цахим систем” khil.gazar.gov.mn -ийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Дээш буцах