МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМ БОЛОН ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ АВАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ”-Г ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ, цахим систем болон орон зайн өгөгдлийн мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.", 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан. Дээрх хуулийн үндэслэлийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, батлуулсан ба тогтоолд төрийн үйлчилгээ тэр дундаа газрын харилцаа, орон зайн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж буй гадаад орны сайн туршлагуудыг тусгахаас гадна үйл ажиллагааны зайлшгүй зардал, тоног төхөөрөмж, программ хангамжийг шинэчлэх, хөгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бэхжүүлэх үйл ажиллагааг харгалзан нийт 43 үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоосон болно.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг улсын хэмжээнд ашиглалтад оруулснаар газрын харилцааны 47 нэр төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүргэх боломж бүрдсэн. Мөн дээрх цахим үйлчилгээнүүдийг салбарын киоск төхөөрөмж, төрийн үйлчилгээний e-mongolia платформуудтай холбож үйлчилгээ, мэдээлэл, лавлагаагаар иргэд олон нийтэд үйлчилж байгаа ч нэгдсэн байдлаар үйлчилгээний хураамжийг хураан авахад холбогдох эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байсан билээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын 2003 оны 205 дугаар тогтоол, 2018 оны 320 дугаар тогтоолууд болон Архивын ерөнхий газрын даргын 2023 оны А/68 дугаар тушаалаар батлагдсан үйлчилгээний хөлсний хэмжээгээр үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн ч холбогдох баримт бичгүүдээр тогтоосон зарим хураамжууд давхардуулах, орхигдуулах зэргээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээс үзүүлж буй үйлчилгээний орлого бүрэн төвлөрөхгүй байх, иргэдээс давхардсан хураамж авах нөхцөл бүрдээд байсан юм.
Тогтоол батлагдсанаар газрын харилцааны цахим шилжилттэй холбоотой иргэд, олон нийтэд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний нэр, төрөлд нийцсэн үйлчилгээний хөлсний хэмжээ бодитой тогтож, давхардсан болон орхигдуулж тогтоосон үйлчилгээний хөлсийг үндэслэлтэйгээр хураан авч төвлөрүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн, үйлчилгээний хөлснөөс улс, орон нутгийн төсөвт төвлөрсөн хөрөнгөөр газрын харилцааны бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж иргэд, олон нийт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломж нэмэгдэх юм.