МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2026 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТ” БОЛОН “УЛСЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ”-ЫГ ТУС ТУС БАТАЛЛАА

Улсын хэмжээнд 2026 онд нийт 31,809 иргэнд 3,116.84 га газрыг өмчлүүлэхээр баталснаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 31,768 иргэнд 3,112.85 га газрыг, аж ахуйн зориулалтаар 41 иргэнд 2.69 га газрыг өмчлүүлэхээр батлагдлаа.
Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2026 онд эзэмшүүлж, ашиглуулах боломжит байршлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу, газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр тогтоолоо. Ингэснээр нийслэл болон 21 аймгийн хэмжээнд 2026 оны нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 35000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах эрх олгох боломжтой болж байна.
Энэ удаагийн эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын гол онцлог өөрчлөлт нь аймаг, нийслэл, сум, дүүрэг тус тогтоолоор батлагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр өөрчлөлт тодотгол оруулах замаар Засгийн газраас тогтоол дахин гаргуулах шаардлагагүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутаг бие даан цаг алдалгүй, шат дамжлагагүй, түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа явдал юм.

Үүнээс гадна Монгол улсын Засгийн газраас газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг оны эхний хугацаанд шийдвэрлэж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг шуурхай шийдвэрлэх, улс, орон нутгийн төсвийн худалдан авах ажиллагаа, бүтээн байгуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн тус тогтоол гарсантай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг тухай бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаж шуурхай шийдвэрлэж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Цаашид Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, төлөвлөлтийн дагуу газар өмчлүүлэх, эзэмшүүлах, ашиглуулахтай холбоотой асуудлыг илүү боловсронгуй болгох чиглэлээр уян хатан зохицуулалтыг тусган шийдвэрлэхээр ажиллаж байна.

