EN

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ”-ЫГ БАТАЛЛАА

2024 оны 3 дугаар улирлын байдлаар нийслэл, зарим сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний тодотгол болон Засгийн газрын зарим гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2024.09.11)-ийн хуралдаанаар дахин хэлэлцэн баталлаа.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дүгээр зүйлд “Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих” гэсэн нэмэлт өөрчлөлт орж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Үүний үр дүнд нийслэл, орон нутагт зөвхөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн баримт бичгийн дагуу газар олгох, төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сум, суурин газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, газар олгох үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцөл бүрдсэн.
Газрын тухай хуулийн 23.2.4-т заасны дагуу Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар тогтоолоор улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын жагсаалтыг баталж Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын эрхийг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан цахимаар ирүүлсэн газар эзэмшүүлэх, ашиглуулах саналуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын лиценз бүхий талбайтай давхцалтай байгаа эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчил илэрсэн байршлуудыг хасах арга хэмжээг авсан.
Ийнхүү энэ удаагийн Засгийн газрын тогтоолд 10249.5 га талбай бүхий 4980 нэгж талбарыг эзэмшүүлэх, ашиглуулахаар нэмж баталлаа.
Уг тогтоол батлагдсанаар улсын хэмжээнд 202 байршилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх арга хэмжээг хэрэгжүүлэх, 445 байршилд газар тариалан эрхлэх, 193 байршилд орон сууц барих, 328 байршилд үйлдвэр үйлчилгээ эрхлэх зориулалтаар газрын дуудлага худалдаа явуулж, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг 20-30 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх, 3081 иргэний гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших, ашиглах хүсэлтийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлэх зэрэг боломж бүрдэж байна.
Мөн тогтоолоор Засгийн газраас батлаагүй байршилд газар олгохгүй байхыг холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд цахим системээр дамжуулан хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.
Дээш буцах