МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН 2023 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-т “Газрын нэгдмэл сангийн болон газрын тайланг жил бүр нэгтгэн Засгийн газарт танилцуулах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2024.04.10/-ийн хуралдаанд “Газрын нэгдмэл сангийн 2023 оны улсын нэгдсэн тайлан”-г танилцууллаа.
Тус тайланд газрын нэгдмэл сангийн бүх ангиллын тоо бүртгэл, газрын улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон газар, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бүртгэл, газарт учирсан хохирол, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ, газрын төлбөр ногдуулалт, төвлөрүүлэлт зэрэг үзүүлэлтийг тусган илтгэлээ.
Монгол улсын Газрын нэгдмэл сангийн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт, шилжилтийн хувьд авч үзвэл хөдөө аж ахуйн газар 134.0 сая га буюу 85.7 хувь, хот, тосгон бусад суурины газар 1.2 сая га буюу 0.8 хувь, зам, шугам сүлжээний газар 869.9 мянган га буюу 0.6 хувь, ойн сан бүхий газар 1.8 сая га буюу 11.6 хувь, усны сан бүхий газар 2.0 сая га буюу 1.3 хувийг тус тус эзэлж байна. Газрын нэгдмэл сангийн 2023 оны тайлангийн үр дүнг 2022 оны дүнтэй харьцуулан үзвэл хөдөө аж ахуйн газар 214.5 мянган га талбайгаар хасагдаж, хот тосгон, бусад суурины газар 203.7 мянган га, зам, шугам сүлжээний газар 10.8 мянган га талбайгаар тус тус нэмэгдсэн бол Ойн сан бүхий газар, усны сан бүхий газарт өөрчлөлт ороогүй болно.
Мөн Улсын хэмжээнд 2023 онд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хийсэн хяналт, шалгалт, газар зохион байгуулалт, суурь судалгаа, мониторинг, газрын кадастрын чиглэлээр хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудыг тус тайланд нэгтгэн танилцуулав.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас дээрх тайланг цаасан болон цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах болно.