“ОРЧИН ҮЕИЙН ГЕО-ОРОН ЗАЙН ТУЛГУУР ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ НЬ” ГЕОДЕЗИЙН ЧАДАВХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦОЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн геодезийн тэргүүн туршлага хуваалцах төвөөс (UN-GGCE) Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн улсын төрийн байгууллагуудад ажилладаг геодезийн мэргэжилтэн, судлаач, инженерүүдийг оролцуулан “Орчин үеийн гео-орон зайн тулгуур тогтолцоонд шилжих нь” сэдэвт олон улсын геодезийн чадавхийг хөгжүүлэх семинарыг Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо 2025 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Энэхүү семинарт Ази-номхон далайн бүсийн 14 орны 51 төлөөлөгч, түүний дотор Монгол Улсыг төлөөлөн ГЗБГЗЗЕГ-ын Геодези, зураг зүйн хэлтсийн Өндрийн болон гравиметрийн сүлжээ, геодезийн дэд сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ундармаа, GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станц, байрлалын улсын сүлжээний асуудал харицсан ахлах мэргэжилтэн Л.Золзаяа нар оролцож байна.
Тус семинар нь Ази номхон далайн бүс нутийн улс орнууд орчин үеийн геодезийн тулгуур сүлжээнд шилжих ач холбогдол, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга, туршлагыг хуваалцаж, тус шинэчлэлтийн бодлого нь улсын эдийн засаг, бизнесийн болон аж үйлдвэрлэлд хэрхэн нөлөө үзүүлэх тухай, мөн Геодезийн асуудал хариуцсан агентлаг, судалгааны байгууллагууд нь Засгийн газартаа хэрхэн ойлгуулж хамтран ажиллах талаар чиглүүлэх, туслах зорилготой юм.
Семинарын эхний өдөр Германы Бонн хот дахь НҮБ-ын Дэлхийн геодезийн тэргүүн туршлага хуваалцах төвийн дарга Nicholas Brown танилцуулга, илтгэлдээ Гео-орон зайн тулгуур тогтолцоо (GRS-Geospatial Reference System) яагаад чухал болох, Үндэсний геодезийн эхлэл өгөгдөхүүн (National Geodetic Datum)-ийг Олон улсын, газрын тулгуур тогтолцоо (ITRF)-тай хэрхэн нийцүүлэх, Геодезийн чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ази-Номхон далайн орнуудад Олон улсын газрын тулгуур тогтолцооны өгөгдлөө хэрхэн тохируулах сонголтуудын талаар танилцууллаа.
Ази, номхон далайн бүсийн геодезийн төсөл (APRGP) GPS кампанит ажилд оролцож, жил бүр богино хугацаанд цуглуулсан 1 долоо хоногийн GNSS өгөгдлийг ашиглан бүс нутгийн улс орнуудад өндөр нарийвчлалтай геодезийн дүн шинжилгээ хийх боломж олгодог.
НҮБ-ын Дэлхийн геодезийн тэргүүн туршлага хуваалцах төв, геодезийн шинжээчдийн бүлгийн 2022-2025 онуудад авч хэрэгжүүлсэн Бүс нутгийн тулгуур тогтолцоо, Өндрийн тогтолцооны шинэчлэлт, Бүс нутгийн чадавхийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан хурал, семинар, хэлэлцүүлгийн тухай танилцуулж тус ажлын хэсэгт нэгдэхийг уриалж хамтран ажиллах талаар хэлэлцүүллээ.
Дэлхийн геодезийн хангамжийн сүлжээ байгуулахад манай улсын оролцоог хангахаар ГЗБГЗЗЕГ-аас Геодезийн сүлжээний ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна.