EN

ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙГ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

🇲🇳🇰🇷 БНСУ-ын Газар геоматик (LX) корпораци болон Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2024.11.06/ тус улсын Сөүл хотод зохион байгуулагдлаа.
Тус байгууллагуудын төлөөлөл Монгол Улсад 2024 оны 03 дугаар сараас Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн талаар судалгаа хийж ажилласан бөгөөд 2024 оны 04 дүгээр сард тус ГЗБГЗЗЕГ-ын удирдлагаас БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам болон Газар, Геоматик /LX/-ийн Корпорацийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцож, тохиролцоонд хүрсэн билээ.
Мөн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам болон Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нар Монгол улсын Хаягийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан юм.
Харин энэ өдөр Газар, Геоматик /LX/-ийн Корпорацийн ерөнхийлөгч Эо Мён Со болон ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нар Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, хаягийн нэгдсэн системийг шинэчлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж, хөгжүүлэхэд хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Санамж бичиг үзэглэлээ. http://www.conslove.co.kr/news/articleView.html?idxno=82904
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын газрын харилцааны салбарт геодези, зураг зүй, газар болон үл хөдлөх, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, зураглал, хаягийн нэгдсэн систем, түүнд суурилсан замчлах системийг олон улсын жишигт нийцүүлэх, орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, туршлага солилцох, дэвшилтэд техник, технологийн шийдлүүдийг нэвтрүүлж, нэг газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг холбогдох салбарууд ашиглах боломж бүрдэх юм.
Дээш буцах