СӨҮЛИЙН ГУДАМЖИНД “ХАЯГИЙН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДУРСГАЛЫН САМБАР”-ЫГ БАЙРШУУЛЛАА
“Монгол улсын хаягийн системийг боловсронгуй болгох, хаягийн мэдээллийн системийг хөгжүүлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын сайд Ли Санг Мин нар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нийслэл Улаанбаатар хотын Сөүлийн гудамжинд “Хаягийн тэмдэглэгээний дурсгалын гэрэлт самбар”-ыг байршуулах ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Тус төслийн хүрээнд ГЗБГЗЗЕГ нь БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамтай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан Монгол Улсын хаягийн мэдээллийн нэгдсэн системийг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэхүү хаягийн тэмдэглэгээний дурсгалын гэрэлт самбар нь 2023 онд Олон улсын стандартчиллын байгууллагаар (ISO) баталгаажиж, дэвшилтэт технологоор үнэлэгдсэн байна.
Цаашид Монгол Улсын хэмжээнд хаягжуулалтын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж гудамж, зам, талбай болон газар, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулалтын дагуу тэмдэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.
Иймээс орон зайн өгөгдөл мэдээлэлд суурилсан хаягжуулалтын мэдээллийг төр, хувийн хэвшлийн төрөл бүрийн үйлчилгээ болох түргэн тусламж, онцгой байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, шуудан, ачаа тээвэр хүргэлт, бизнесийн салбарууд болон иргэд олон нийт ашиглан тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг төвөггүй олох, түүнд хүргэх замчлах мэдээллийг ашиглах боломжууд бүрдэх юм.