EN

САЛБАРААС АНХНЫ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

    Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зарлигаар Монгол улсын Гавьяат барилгачин Баатарын Рагчаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Фото зургийн сурвалж: https://president.mn

    Хөдөлмөрийн баатар Б.Рагчааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын салбарын ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат барилгачин Л.Тогтохбаяр, яам, агентлагийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

    Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа нь 1951 онд ажлын гараагаа Энхтолгойн сангийн аж ахуйн нутаг Сэлэнгэ голын хөндийн, Борнуурын сангийн аж ахуйн ногооны талбайн, Батсүмбэрийн сангийн аж ахуйн нутаг Сөгнөгөр, Үлдэгийн амны 1:1000-1:5000-ны масштабтай байр зүйн зураг зохиох ажлаар эхэлж байгаад Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1959 онд төгсөж ирээд Монгол орныг зурагжуулах, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр Монгол улсын баруун, зүүн, хойд, урд захын цэгүүд Хүйтэн уул болон зарим томоохон уул болох Мөнххайрхан уул, Хүйтний оргил, Малчин уул, Түргэн уул, Хархираа, Сута уул, Цаст уул, Цамбагарав зэрэг 9 уулын өндрийг геодезийн аргаар тодорхойлж 1982 онд “Уулын спортын мастер” болсон байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 12-р сарын 19-ний өдрийн 334 дугаар тогтоолоор 1:100000-ны масштабтай байр зүйн зургийг 1979-1985 оны хооронд шинэчлэн нийт нутаг дэвсгэрийг хамарсан хамгийн том масштабын зургийг монгол хэл зохиож, хэвлэсэнийг одоог хүртэл ашиглаж байна. Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа нь улсад 51 жил ажиллахдаа Геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын салбарын хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар 8252 км бүхий улсын хилийг тогтоох, монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, анхны үндэсний атласыг зохиож, хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулан ажилласан байна.

Дээш буцах