EN

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

image

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллаж байна.

Ажлын хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Үүний зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар чиглэл өгч, нийт албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

image

Уулзалтын үеэр аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын бүртгэл, цахим системийн хөгжүүлэлт, орон зайн өгөгдөл бүрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл хүргэв.

image

Цаг үеийн байдалтай холбоотойгоор тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
✅ Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумдаас 2 сум нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй, 3 сум төлөвлөгөө боловсруулж байгаа, үлдсэн 12 суманд төлөвлөгөөгүй байгаа бөгөөд эдгээр сумдад төлөвлөгөө боловсруулахад шаардагдах төсөв хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгах ажлыг яаралтай зохион байгуулж, иргэдийн газар эзэмших, өмчлөх, ашиглах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцгой анхаарууллаа.
✅ Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Хот байгуулах тухай” шийдвэрийн дагуу орон нутгийн зэрэглэлтэй Сүхбаатар, Хөтөл, Мандал хотын эдэлбэр газрыг тогтоох саналыг ИТХ-аар хэлэлцүүлэн яаралтай ирүүлэхийг чиглэл болголоо.
✅ Сэлэнгэ аймгийн хэмжээнд батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үе шаттайгаар тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт суулгах, ажлыг зохион байгуулах;
✅ Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах явцад аймгийн Ерөнхий архитектор, Газрын удирдлагын хэлтэс хамтран ажиллаж хяналт тавьж, орон нутгийн хэрэгцээ шаардлага, онцлогт тохирсон, хэрэгжих боломжтой шинжлэх ухааны үндэслэл, тооцоо бүхий төлөвлөлтийн баримт бичиг хүлээн авахад анхаарах. Мөн Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд байршуулах явцад онцгой анхаарч ажиллах;
✅ Цаашид сумын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулахад Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалт хийх журмын хугацааг чанд баримтлан төлөвлөгөөнд санал авах, боловсруулах, хянах, дүгнэлт авах, батлуулах ажлыг зохион байгуулах;
✅ Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр бүрэн хүлээн авах, хугацаанд нь шуурхай шийдвэрлэх;
✅ Хаягийн удирдлагын системийн шинэчилсэн хувилбарын өгөгдлийг бүрэн бүртгэж оруулах;
✅ Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол баталсантай холбоотойгоор төрийн байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх, бэлтгэл ажлыг чанартай зохион байгуулах.

image

Дээш буцах