ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.25/-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын явц,
Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын магадлалын ерөнхий дүгнэлт,
“Шинэ Хархорум” хотыг байгуулах байршлыг сонгох судалгааны талбайд хийгдсэн гидрогеологийн хайгуул судалгааны ажил,
“Шинэ Хархорум” хотын мэдээлэл, харилцаа холбоо сүлжээний төлөвлөлт.
Үндэсний хорооны хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хэлэлцсэн асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах үүрэг чиглэлийг өгч, холбогдох албан тушаалтнуудад даалгав. Үүнд:
Үндэсний хорооны гишүүдийн олонхийн саналаар "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны байрны логоны дизайныг хэлэлцэн зөвшөөрч, батлахаар тогтов.
“Шинэ Хархорум” хот байгуулах газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлын хүрээнд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлэхийг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад даалгав.
Газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах дүгнэлт, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нарт даалгав.
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, барилга байгууламжийн зураг төсөлд гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналт хийх ажлыг “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаагаар гүйцэтгүүлэх, арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж нарт даалгав.