Шинээр суурьшил үүсгэх газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал батлагдлаа
Өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд 330 сум, 38 суурин газар байна. Эдгээр суурин газруудын хот суурины эдэлбэр газрын хил зааг тодорхойгүй, газрын нэгдмэл сангийн ангиллыг нарийвчлан зураглаж, бүртгэдэггүйгээс хот суурины газар хяналтгүйгээр тэлж Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудыг зөрчин бэлчээрийн ангиллын газарт хот суурины зориулалтаар газар эзэмшүүлэх, өмчлүүлэх явдал ихээр гарч байна. 2017 оны газрын нэгдмэл сангийн тайлангаар нийт хот тосгон бусад суурины газар уул уурхайн газрыг эс тооцвол 448061.9 га талбайг эзэлж байна. Харин хот суурины ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байдлыг талбайгаар нь авч үзвэл 99572.5 га газрыг хамарч байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад Монгол улсын нийт хот суурин газрын 22.2 хувь нь хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй бусад 77.8 хувь нь ямар нэгэн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн баримт бичиггүйгээр газар олголт, газрын харилцааны асуудлууд Засаг дарга, болон газрын даамлын боловсруулсан тухайн жилийн төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Хот суурин газрын хяналтгүйгээр тэлэх гол шалтгааны нэг нь Улсын чанартай авто замын дагуу газар өмчлүүлэх тухай заалт 2008 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэгдсэн явдал юм. 2017 оны байдлаар 1824.1 га газрыг 21806 иргэнд өмчлүүлсэн байна. Мөн 14,557.21 га газрыг 137,722 иргэнд одоо байгаа хот суурин газрын тиг гортигийн гадна буюу бэлчээрийн газрын өмчлүүлсэн байна. Эдгээр өмчлүүлсэн газрууд нь хот суурины гадна бэлчээрийн газар дээр өмчлүүлсэн хэдий ч газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлж өмчлүүлсэн тохиолдол гараагүй байна. Шинээр суурьшлын бүс үүсгэх, түүн дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах чиглэлээр БХБЯ болон нийслэл, аймгуудын удирдлага, газрын асуудал эрхэлсэн байгууллагууд улс, орон нутгийн чанартай багагүй ажил зохион байгуулж хэрэгжүүлээд байна. Тухайлбал 2011 онд БХБЯ-аас зохион байгуулсан “Нийслэл, аймгийн төв улсын чанартай авто зам дагуу Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох” ажлын хүрээнд 241,544 га, 2013 оноос Нийслэлийн ЗДТГ-аас иргэнд цахим хэлбэрээр өмчлүүлэх 52 байршилд 15,309 га газрыг тус тус өмчлүүлэхээр нөөцөөр тогтоогдоод байгаа бөгөөд эдгээр байршлууд дээр байр зүйн зураглал, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан өмчлүүлэх ажлыг холбогдох газруудаас хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эдгээр ажлууд нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, өмчлүүлэх газрыг зураг төсөл, төлөвлөгөөтэй болгож байгаа сайн талтай хэдий ч нөөцөөр тогтоогдсон зарим байршлууд нь геоморфологи, байр зүйн хувьд хэт налуу, эгц уулын орой, хажуу зэрэг байгалийн бартаа саад ихтэй, цэргийн анги, тэсэрч дэлбэрэх бодис, зэвсгийн агуулах зэрэгтэй давхцах эсвэл зөвшөөрөгдөх хэмжээнээс давж эдгээр объектуудтай хэт ойрхон байршсан, түүх соёлын дурсгалт газар, эртний булш бунхан, хиргисүүр зэрэг суурьшил үүсэхэд тохиромжгүй, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй газрыг нөөцөөр тогтоосон тохиолдлууд олноор гарсан. Мөн улсын чанартай авто зам дагуу өмчлүүлэх зориулалтаар шинээр өмчлүүлэх газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зураг төсөлгүйгээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусган их хэмжээний газрыг иргэдэд өмчлүүлэх явдал орон нутагт газар аваад байна. Тиймээс цаашид дээрх нөхцөл байдлыг давтагдахаас сэргийлж суурьшлын бүсийн тэлэх нөөц бололцоог тогтоох, тогтоогдсон байршилд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах ажлыг нэгдсэн аргазүй, заавар зөвлөмжөөр хангах үүднээс энэхүү аргачлалыг боловсруулав.