EN

“SMART GEO EXPO 2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДАН, ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУНХАГЛАЛЫГ БАТАЛЛАА

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас тус улсын Илсан хотод 2022 оны 11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд “Тоон ертөнц бүх хүнд илүү сайхан амьдралыг авч ирнэ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан “Ухаалаг гео үзэсгэлэн 2022”-д ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай болон холбогдох албаныхан оролцоод ирлээ.
Гео-орон зайн мэдээллийн салбарт ашиглагдаж буй дэвшилтэт техник, технологи, програм хангамж, геодезийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг танилцуулдаг энэхүү үзэсгэлэн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээнд 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үзэсгэлэнд өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсоноос гадна 30 гаруй хурал, илтгэл, техник технологийн болон үйл ажиллагааны танилцуулга, бизнесийн уулзалтууд хийгдэж дэлхийн 25 орны 80 гаруй төлөөлөгчид уригдсан байна.
Энэ үеэр ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай БНСУ-ын Газар, геоматикс /LX/ корпорацийн Олон улсын бизнесийн газрын захирал Lee Myeongsig-той уулзаж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал, солилцож цаашид Гео-орон зайн мэдээллийн хөгжүүлэлт, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Мөн БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагийн дарга Чо Вусогтай уулзаж Монгол Улсад Маш урт суурь талтай интерферометрын станц байгуулахад зөвлөмж, дэмжлэг авч хамтран ажиллахаар болов.
Үзэсгэлэнд оролцогч Улс орнуудын төлөөлөгчдийн уулзалтад ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай “Монгол орны Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц ба Газрын удирдлагын нэгдсэн систем” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд мөн БНСУ, Лаос, Этиоп зэрэг улсаас оролцож буй төлөөлөгчид өөр өөрсдийн улс орны хэрэгжүүлж буй ажлын туршлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Дээрх уулзалтын үр дүнд Гео-орон зайн мэдээллийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын уулзалтын хамтарсан тунхаглалыг баталлаа. Энэхүү тунхаглалаар Оролцогч бүх улс орон зайн мэдээллийг бий болгох, ашиглахтай холбоотой мэдээлэл, технологи, хувь хүний солилцоо тасралтгүй нэмэгдэх ёстойг хүлээн зөвшөөрч, улс бүр гео-орон зайн мэдээлэл үүсгэх, ашиглах нөхцөл байдлаа бусадтай хуваалцах, онлайн болон офлайн арга хэмжээгээр дамжуулан гео-орон зайн мэдээллийн салбарт харилцан хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, байнгын харилцаатай байхыг тохирлоо.
Дээш буцах