ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Монголын Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 60 дугаар тогтоол, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын дагуу салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх чиг үүргийг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зарласан.
Дээрх шалгаруулалтад оролцож хамгийн өндөр үнэлгээ авсан сургалт зохион байгуулагч байгууллагуудтай тус газраас өнөөдөр гэрээ байгуулав. Үүнд:
Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын газар зохион байгуулалтын холбоо ТББ,
Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ,
Геодези, зураг зүйн мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг Монголын Геодези, Фотограмметр, зураг зүйн холбоо ТББ,
Кадастрын чиглэлийн мэргэжлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг "Монголын Кадастрын холбоо" ТББ-аар тус тус гүйцэтгүүлэхээр дээрх байгууллагуудын удирдлагуудтай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээнд заасны дагуу мэргэжлийн холбоод нь Их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачидтай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулж, зориулалтын анги танхим, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан салбарын мэргэжилтнүүдийг тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, модулийг олон улсын түвшинд хүргэн, мэргэжилтнүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлж чадавхжуулахад чиглэгдсэн сургалтуудыг зохион байгуулах юм.
Мэргэшлийн зэрэгтэй салбарын мэргэжилтэнг бэлтгэснээр мэргэжлээрээ ажиллахад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын дагуу салбарын мэргэжилтний хувьд оролцох, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.