“ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД АЖИЛЛАХ УС ХУРИМТЛУУРТ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3.33-т “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах 100 МВт-ын ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” гэж заасан байдаг.
Уг зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц” байгуулах төслийн барилга байгууламж баригдах газрыг Засгийн газрын шийдвэрээр Улсын тусгай хэрэгцээнд авлаа.
“Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаар төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд ажиллах 100 МВт-ын хүчин чадалтай ус хуримтлуурт усан цахилгаан станцын газрыг баталгаажуулах, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Уг төсөл хэрэгжсэнээр сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед тогтвортой цахилгаан хангамжаар хангах боломж бүрдэх юм.