TRIMBLE КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр геодезийн хэмжлийн багаж үйлдвэрлэгч Trimble фирмийн төлөөлөгчдийг 2019 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Улсын захиалгаар Монгол Улсын хэмжээнд GNSS-ийн байнгын ажиллагаатай 38 станцыг 20 аймгийн төв, 18 сум, сууринд, Улаанбаатар хотын захиалгаар 5 станцыг нийслэл орчимд, нийт 43 станцыг /дийлэнх нь Trimble фирмийн багаж/ суурилуулж ГЗБГЗЗГ-аас удирдан ажиллуулдаг бөгөөд удирдлагын програм хангамжийн шинэчлэлтгүйгээс станцуудыг хэвийн ашиглаж чадахгүй байдалтай байгааг уулзалтын үеэр танилцууллаа. Байнгын ажиллагаатай станцуудын удирдлагын “Trimble dynamic control” програм хангамжийг сүүлийн хувилбараар шинэчлэн өгч станцуудын хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэхийг ГЗБГЗЗГ-ын орлогч дарга хүслээ.
Мөн байнгын ажиллагаатай станцуудыг ашиглан бодит агшны хэмжилт хийхэд зарим газар байрлал, өндрийн хувьд алдаатай хэмжигдэж байгаа тул хамтын ажиллагааны гэрээ болон Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж станцуудын алдаатай хэмжиж буй шалтгааныг тогтоох боломжтойг “Геосурвей” ХХК-ийн захирал О.Хосбаяр илэрхийллээ.
Түүнчлэн GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хариуцан ажиллаж буй 2 мэргэжилтэнд “Геосурвей” ХХК анхан шатны сургалт зохион байгуулахаар болов.