EN

“УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳 Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалт “Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих”-д нэмэлт өөрчлөлт орж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Тус хуулийг үндэслэн улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг анх удаа Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2024.04.03)-ийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн газар эзэмшүүлж, ашиглуулах саналаас дараах давхцал, зөрчил илэрсэн нэгж талбаруудыг хасах арга хэмжээг авлаа. Үүнд:
✅ Цахим системд бүртгэгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх;
✅ Хамгаалалтын бүс, зурвас газартай давхцалтай эсэх;
✅ Улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэх;
✅ Ашигт малтмалын лиценз бүхий талбайтай давхцалтай эсэх;
✅ Хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нь тус тус хянан шалгаж, давхцал, зөрчлийг арилгалаа.
Ингэснээр Засгийн газрын тогтоолд 113 мянган га талбай бүхий 20 мянга гаруй нэгж талбарыг эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдлаа.
Уг тогтоол батлагдснаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж газар олгох байдлыг таслан зогсоох, улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийг газар болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газартай холбоотой шүүхийн маргааныг багасгах, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулж төсвийн хөрөнгийг хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.
Мөн Засгийн газрын тогтоолоор тус тогтоолд тусгагдаагүй байршилд газар олгохгүй байхыг холбогдох сайд нар болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд цахим системээр дамжуулан хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.
Дээш буцах