EN

УЛСЫН ХЭМЖЭЭНД БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь хэсэгт заасны дагуу улсын хэмжээнд бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг үнэлэх фото мониторингийн хээрийн судалгааг 11 дэх жилдээ зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Энэ жилийн хээрийн судалгааны ажил нь хэт халалт, үер ус зэрэг цаг агаарын хүндрэл болон шатахууны нийлүүлэлтийн хүндрэл зэрэг нөхцөл байдлын дунд үргэлжилж байгаа хэдий ч 21 аймгийн 319 суманд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, сумдын газрын даамал, бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд болон нийслэлийн 6 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд хээрийн судалгааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Хээрийн судалгааны явцад мэргэжилтнүүд мониторингийн цэг бүрт ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, ургамлын бүрхэц, хөрсний гадаргын төлөв, малын ашиглалтын нөлөөлөл болон бэлчээрийн өөрчлөлтийн төлөвийг үнэлж, нэгдсэн аргачлалаар бэлчээрийн фото зургийг авч мэдээллийн санд бүртгэж байна.
Энэхүү мэдээлэл нь бэлчээрийн доройтлыг эрт илрүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, бэлчээр ашиглалтын менежментийг боловсронгуй болгох, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар цаашид фото мониторингийн хээрийн судалгааг жил бүр тогтмол зохион байгуулж, мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний хэмжээний мониторингийн тогтолцоог улам боловсронгуй болгох чиглэлээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
Дээш буцах