EN

ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ “FASEP-MONGOLIA” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар болон Франц Улсын 3 байгууллагын хамтарсан консорциумтай зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээг ашиглан орон зайн дүн шинжилгээ хийж, бэлчээрийн төлөв байдал, доройтлын мониторингийг сайжруулах зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр санамж бичиг байгуулан “FASEP-MONGOLIA” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

Төслийн хаалтын үйл ажиллагаанд Франц Улсаас Oréade-Brèche нийгэмлэгийн тэргүүн, зөвлөх Тиэрри Клемон, Сансрын судалгааны байгууллага /CLS/-ын зайнаас тандан судлах инженер Хюж Жюстин, Алис Конну нар хүрэлцэн ирж, 2024 оны 05 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Франц Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдын яаманд төслийн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт, сургалт зохион байгуулагдлаа.

“FASEP-MONGOLIA” төслийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд туршилтын байдлаар хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд 1986-2023 оны хиймэл дагуулын өгөгдөл, мэдээллийг ашиглан “Бэлчээрийн төлөв байдлын бодит цагийн мониторинг хийх портал сайт”-ыг хөгжүүлж, бэлчээрийн төлөв байдал, доройтлын талаарх мэдээллийг цаг алдалгүй орон нутгийн шийдвэр гаргагч нарт хүргүүлж бэлчээрийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Цаашид хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, 7 сумын хэмжээнд хийгдсэн туршилтын портал сайтыг Монгол Улсын хэмжээнд ашиглах боломжтой байдлаар хөгжүүлэх, шаардлагатай санхүүжилтын эх үүсвэрийг олоход дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа Франц Улсын консорциумын төлөөлөл илэрхийллээ.

Дээш буцах