Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон тус агентлагийн удирдлагууд Хөдөө, аж ахуйн их сургууль дээр ажиллалаа
2019 оны 4 дүгээр сарын 18-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын удирдлагууд газрын харилцааны ажилтны өдрийг угтан ХААИС дээр ажиллалаа. Энэ үеэр газрын харилцааны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар газрын чиглэлийн төгсөх ангийн оюутнууд болон мэргэжлийн тэнхимийн багш нарт мэдээлэл хийлээ. Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд дараах танилцуулга, илтгэлүүд тавигдсан юм.
1. ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү “Газрын харилцааны салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн онцлог, хөгжлийн чиг хандлага”
2. Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний агуулга, ач холбогдол”
3. Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн “Газрын кадастрын бүртгэл, мэдээлэл технологийн хөгжил”
4. Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Э.Баярмаа “Орон зайн дэд бүтэц, түүний хэрэглээ”
5. Суурь судалгаа, газрын мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн салбар дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд гаргах” зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр салбарын оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өгч Монгол орны хөгжилд газрын харилцааны салбарын гүйцэтгэх үүрэг өндрийг тодотгож, энэ мэргэжлийн ирээдүйн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.
ХААИС нь 1997 оноос газрын харилцааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй бөгөөд газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Тус сургууль нь газрын харилцааны шилдэг сургууль бөгөөд газар зохион байгуулалт хөтөлбөр нь Монголдоо анх удаа магадлан итгэмжлэгдсэн газрын мэргэжлийн хөтөлбөр болно.
Хэлэлцүүлгийн дараа Агентлагийн удирдлагууд, ХААИС-ийн сургуулийн удирдлагуудтай уулзалт хийж хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.
Энэхүү арга хэмжээ нь жил бүрийн 5 дугаар сарын эхээр болдог газрын харилцааны өдрийг угтан зохион байгуулсан арга хэмжээний нэг байсан бөгөөд уг өдрийг угтан олон арга хэмжээ зохиогдож байгаагийн эхлэл болсноороо онцлогтой байлаа.
ХААИС, ШУА-ийн Газарзүй- Геоэкологийн хүрээлэн хамтран нь газрын харилцааны ажилтны өдрийг угтан “ГАЗРЫН ХАРИЛЦАА-2019” уламжлалт эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 5 сарын 3-ны өдөр зохион байгуулах бөгөөд одоогоор гадаад дотоодын олон судлаачид энэхүү хуралд ач холбогдол өгөн оролцдог болоод байгаа билээ.