EN

"Ж.НАРАНЦАЦРАЛТ БАГШИЙН НЭРЭМЖИТ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2024" ХУРЛЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой, Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “Ж.Наранцацралт багшийн нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал-2024” Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны дугуй зааланд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр боллоо.
Тухайн хурлыг Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн тэнхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Наранцацралт сан, Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хороо, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв, Монголын газар зохион байгуулалтын холбоо, Монголын кадастрын холбоо, Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгууллаа.
Хурлын 1 дүгээр шатанд МУИС, ШУТИС, ХААИС, Дархан ХААИС-ийн оюутнуудын нийт 17 судалгааны ажил ирснээс 2 дугаар шатанд 10 судалгаа, илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж, дүнг гаргаснаар шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр:
  1. ✅Нэгдүгээр байрыг Б.Дунгармаа (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ХББНТ-ийн 4 дүгээр түвшний оюутан) “Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн тэсвэрлэх чадварын орон зай ба цаг хугацааны өөрчлөлтийн үнэлгээ” сэдвээр;
  2. Хоёрдугаар байрыг А.Үүрцайх (ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн газар зохион байгуулалтын 4 дүгээр түвшний оюутан) “Газар ашиглалт, газрын бүрхэвчийн ангилалд машин сургалтын арга ашиглах боломж” сэдвээр;
  3. Гуравдугаар байрыг Б.Буянгэрэл (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын 4 дүгээр түвшний оюутан) “Ургамлын биомассын таамаглалд ARIMA загвар ашиглах нь” сэдвээр;
  4. Тусгай байрыг Б.Чойсүрэндорж (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын 4 дүгээр түвшний оюутан) “Супер орон зайн шийдлийн аргаар растер мэдээг сайжруулах нь” сэдвээр тус тус эзэллээ.
Дээш буцах