EN

Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

Геодези, зураг зүйн тухай хууль анх батлагдсанаас хойш бусад холбогдох хууль шинээр болон шинэчлэн боловсруулагдсантай холбоотой нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлт орсноос 14 зүйлийн 3 хэсэг, 13 заалтыг хүчингүй болгож, 23 хэсэг, 12 заалтад нэмэлт, өөрчлөлт орж, 2 хэсэг, 5 заалт шинээр нэмэгдсэн нь 128 хэсэг, заалт бүхий хуулийн 36 хувьд өөрчлөлт орсон байна.

Геодези, зураг зүйн салбар нь улсын хилийг тодотгон тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээ, газрын гадаргын бодит байдал болон түүн дээрх объектуудыг геодезийн өндөр нарийвчлал бүхий хэмжил зүйгээр орон зайн харилцан байршлаар хэмжин зураглаж, байрлалд суурилсан орон зайн болон газрын зургийн тоон мэдээллээр батлан хамгаалах, газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга, эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаанд ашиглагдах бүтээн байгуулалтын төлөвлөлтийн суурь мэдээллийг бүрдүүлдэг, улс орны батлан хамгаалах аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөгжлийн суурь салбар юм.

Геодези, зураг зүйн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэл, тооцоотойгоор хийгддэг учраас шинэ техник, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн институцийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн өөрчлөлт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтийг тусгах болон уг хуульд олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна.

Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаад, холбогдох саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:Засгийн газрын XII байр, Барилгачдын талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15170
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Геодези, зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа

Утас:976-51262461
Имэйл: zolzaya.l@gazar.gov.mn

Дээш буцах