Суурь судалгаа, мониторинг
1. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил гэж ямар ажлыг хэлдэг вэ?
- Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэдэг нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг гэж заасан байдаг.
2. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар тохиолдолд хийлгэх шаардлагатай вэ?
- Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газар буюу уул уурхайн ашиглалтын болон хайгуулын талбай, аялал жуулчлалын газар, үйлдвэр, үйлчилгээ, шатахуун түгээх станц зэргээр газар ашиглалтын төрлүүдээр, том масштабаар, газар эзэмших, ашиглах, өмчлэх эрх шинээр үүсэх, дуусгавар болох бүрт газрын тухай хуулийн дагуу баталгааг гаргуулна.
3. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны судалгааг хэн гүйцэтгэдэг вэ?
- Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргадаг. Барилга, хот байгуулалтын яамнаас “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх” тусгай зөвшөөрлийг холбогдох журмын дагуу хуулийн этгээдэд олгодог.
4. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг ямар эрх бүхий этгээд баталгаажуулдаг вэ?
- Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу Улсын ерөнхий шинжээч, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу байнгын шинжээч нар Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг баталгаажуулдаг.
5. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх гэж юу вэ?
- Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн цогц үйл ажиллагаа юм.