Түүхэн газрын зураг
Архив, мэдээллийн төвийн сан хөмрөгт түүхэн газрын зургийн өв хадгалагдаж байдаг. Эдгээр зургууд XVIII-XX зууны эхэн үеийн Халх Монголын аймаг, хошуудын нутаг дэвсгэрийн хуваарилалт, газар зүйн байдал, нутгийн захын болон доторх уул овоо, тэдгээрийн нэрс, зүг чиг, дэс дараалал, засаг ноёны орд өргөө, сүм хийд, өртөөнүүдийн байрлал ба замын чиглэл, хилийн гэр харуулын байрлал, нутаг орны байдлыг харуулсан судалгааны үнэт эх сурвалж, соёлын хосгүй өв юм.
1980 онд БНМАУ-ын СнЗ-ийн 149 дүгээр тогтоолоор Монголын эртний нутгийн зургийг төвлөрүүлэн хадгалах шийдвэрлэжээ гаргажээ. Уг тогтоолын 7 дугаар зүйлд “БНМАУ-ын нутаг дэвсгэр, эртний аймаг, хошууны нутгийн хуваарийг тогтоосон түүхийн холбогдолтой газрын зургуудыг нэгтгэн төвлөрүүлж эмхэтгэн хадгалуулах...” талаар заасан байдаг. Ингэж 1980-ад оны эхэн үед БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Улсын геодези, зураг зүйн газарт Монголын аймаг, хошуу, харуул, өртөөний нутгийн зургийн нэгэн бие даасан сан хөмрөг бий болсон юм. 2018 оноос уг сан хөмрөгт буй түүхэн газрын зургийн үнэ цэнэ, хадгалалт, ач холбогдлыг тодорхойлон архивын баримтыг олон нийтийн хүртээл болгох зорилгоор түүхэн газар зүйн судлаачидтай хамтран судалгааны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Уг судалгааны ажлын үр дүнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хадгалагдаж байгаа түүхэн газрын зургийн цомог гаргаж олон нийтийн хүртээл болгох юм.Судалгааны баг ажлын урьдчилсан тайланг гарган дараах зүйлүүдийг тодорхойлоод байна. Үүнд:
- Түүхэн газрын зургийн сан хөмрөгт Халхын Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён, Жибзундамба хутагтын Их шавь, Ховдын хязгаар, харуул, өртөөний зэрэг нийт 171 нутгийн зураг байгаа бөгөөд энэ нь Халхын Сэцэн хан аймгийн 68, Халхын Түшээт хан аймгийн 46, Сайн ноён аймгийн 34, Жибзундамба хутагтын Их шавийн 2, Ховдын хязгаарын 2, харуулын 16, өртөөний 2 зураг юм.
- Зурагдсан он цагийн хувьд хамгийн эртнийх нь 1793 онд үйлдсэн Халхын Сэцэн хан аймгийн Ахай засгийн хошууны зураг бол сүүлийнх нь 1922 оны Халхын Сэцэн хан, Түшээт хан аймгийн хошууны нутгийн зургууд байгаа нь XVIII зууны эцсээс XX зууны эхэн үеийн 130 орчим жилийг хамарч байна.
- Эдгээр нь монголтой холбоотой зурмал өвүүдийн хожуу үеийнх боловч төрийн захиалгаар үйлдэж байсан, хамгийн итгэлтэй сурвалжийн оролцоотойгоор бүтээгдсэн, тухайн үеийг илэрхийлэх хамгийн шинжлэх ухаанч өв болохыг тодорхойлсон.
- Нутгийн зургуудыг даавуу болон цаасан дээр зурж зүүн талд нь аймаг, хошууны ямар ноёны зураг болох, баруун захад хийсэн 111 зургийн он цагийг тэмдэглэжээ.
Монгол нутгийн зургийн дийлэнхийг өнгө ялган зурдаг. Тухайлбал “нуур ба гол, булаг, усыг цөм хөх өнгөөр зурмуй. Бэлчээр газрыг ногоон, элс ба говийн шимт газрыг бүдэг ягаан өнгөөр зурмуй” гэсэн заалтууд бий. Тэгвэл дээрх 171 нутгийн зургийн 159 нь өнгөт, 12 нь хар цагаанаар зурагджээ. Өнгөт дүрслэл бүхий зурагт гол мөрөн, булаг, худаг, нуур цөөрмийг нэгэн ижил хөх өнгөөр будсан.
Уул, нуруу хангай газрыг хар бэхээр зурж ногоон болон цэнхэр өнгөөр давхарлан буджээ. Зарим хадтай уулсыг хүрэн өнгөөр, модтой уулсыг ногоон өнгөөр ялган дүрсэлсэн байна. Говийг шар өнгөөр будаж, тэмдэглэгээ тавьсан ба дэрстэй, намаг шавартай, бартаа саад ихтэй газруудыг хэд хэдэн зурагт нилээд тод дүрсэлжээ. Нутгийн дундуур явах өртөө замыг шар өнгөөр зурж өртөөний сууринг гурвалжин дүрсээр нэгэн ижил тэмдэглэсэн нь харагдана. Мөн хошуу ноёны тамгын гэрийг зурж нэрийг нь бичиж үлдээдэг уламжлал байжээ. Сүм хийд, суурин газруудыг дуурайлган зурж, дээвэр хэсгийг хятад, түвэд маягийн хэлбэртэй дүрсэлдэг байж. Нутгийн зураг үйлдэхдээ дөрвөлжин хүснэгт татдаг ба 84 зурагт тор татаж зурхайн хүрдийг баримтлан зуржээ.
Нутгийн зургийн хэмжээ харилцан адилгүй байх ба хамгийн том хэмжээтэй зураг нь 123 см х 255 см цагаан даавуун дээр зурсан Халхын Сэцэн хан аймгийн 23 хошууны нутгийн газар орны зураг юм. Уг нутгийн зургийг хүрд ашиглаж зурсан байна. Аймгийн нутаг дэвсгэрт тор татаж зурсан ба нэг дөрвөлжинд хэдэн газрыг багтаасныг дурдаагүй.
Хошуу хоорондын хилийг улаан өнгөөр тэмдэглэж, хилийн овоог тойруулан бичжээ. Уулсыг ногоон, гол, нуур, булаг шандыг цэнхэр өнгөөр будсан. Хавтгай дүрслэл ба биет дүрслэлийн аргыг хослуулан зурсан. Бичвэр тайлбарыг хар бэхээр бичсэн. Сүм хийд, хошууны тамгын газрыг биетээр дүрслэн зурсан. Засаг ноёны суух зарим өргөө, хотын хуучин туурь зэргийг дөрвөлжин дүрсээр тэмдэглэж, говь, тал хээр, уулсын нуга хөндий, намаг шавартай газруудыг ялгаж зурсан. Нутгийн дундуур явах өртөө замыг жижиг цэгээр тэмдэглэжээ.
Тус архивт нэн ховор зургууд хэд хэд байна. Үүний нэг бол “Шадарт явах Халхын өмнөх цэргийн жанжин нэг зэрэг нэмсэн Халхын Сэцэн ханы хошууны нутгийг хойч өдөр байцаахад бэлтгэж батлан үйлдсэн зураг” гэсэн нэртэй Халхын Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошууны зураг юм. Зургийн суурийг нэлэнхүйд нь ногоон өнгөөр будаж уул, усыг уран зургийн аргаар гоёмсог зурсан. Хилийн овоог хос гурвалжин улаан дүрсээр тэмдэглэж хооронд нь улаан шунхаар хил татсан.
Газар усны нэрийг улаан шунхаар бичжээ. Газар усны нэр бол тухайн улс үндэсний түүх, соёл, зан заншил, шүтлэг бишрэл, ус ургамал, эрдэнэс баялаг, ахуй соёл, зэрэг олон зүйлийг тодруулах боломжийг өөртөө агуулж байдаг маш сонирхолтой судлагдахуун болдог. Эл нутгийн зургийн онцлог бол товгор дүрслэл юм. Үүнийг судалгааны эргэлтэнд оруулж үнэ цэнэ, ач холбогдолыг тодорхойлон ховор үнэт өв гэдгийг батлах хэрэгтэй.
Мөн өртөө замын эдэлбэр газрыг зурж, газар усны нэрийг манжаар бичсэн зураг, Жибзундамба хутагтын Их шавийн нутгийг тусгайлан зурсан нутгийн зураг, язгууртнуудын булш бунхан, оршуулгыг дүрсэлсэн зураг, Сэлэнгэ мөрний сав дагуу тариан талбайг дангаар нь дүрсэлсэн зураг, хулгай этгээдийн оргон явсан газрын зураг зэрэг урьд өмнө харьцангуй бага судлагдсан зургууд байна.
Дээрх түүхэн зургуудыг нийтийн хүртээл болгох, судалгааны эргэлтэнд оруулах, зөв горимын дагуу хадгалан хамгаалахаар судалгааны баг ажиллаж байна.