Түүхэн агшин
Архивын ерөнхий газар
1924 онд батлагдсан “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх байгууллагын дүрэмд, “Монголын хэл дээр ба бусад олон улсын хэл дээр бүхий монгол үндэсний олон аймаг ба монгол улс төрийн түүхэнд хамаатай эх бичиг, судрын зүйлийг цуглуулмуй”, “бусад зүйлийн эх түүхэнд холбогдох хуучин дурсгалын гэрч тэмдэг юмсыг олон цуглуулах ба сахин хамгаалмуй” хэмээн Монголын түүхэнд холбогдох бичиг үсгийн дурсгалуудыг цуглуулах, сахин хамгаалах талаар тодорхойлж өгчээ.
Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдаас гаргасан 1932 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр тушаалд:
- “.... Чин улсын үеэс ардын засаг байгуулах хүртэлх хүрээ сайдуудын яамны шавийн яам, Түшээт хан, Сэцэн хан, автономийн 5 яамны зэрэг газруудын данс харааг хураамжлан авч Улиастайн жанжны зэрэг зарим ихээхэн данс харааг бүртгэн хадгалж үрэгдүүлэхгүйгээр сайтар хадгалуулж улмаар бүртгэн ирүүлэх”-ийг заасан байдаг.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолд:
- “Шинжлэх ухааны хүрээлэнгээс төлөвлөж ирүүлсэн улсын архивын дүрмийг баталсугай. Архивын материалыг улсын архивт нэгтгэн хадгалах ба боловсруулж байсугай. Архивыг Туулын дэргэдэх модон барилгаас нүүлгэж Гандангийн сүмийн чулуун барилгад авчрах талаар Шинжлэх ухааны хүрээлэнгээс авсан арга хэмжээг сайшаасугай. Эл барилгыг улсын архивт тохиромжтой болгон засуулахын тулд 1942 оны төсөвт зохих мөнгөн хөрөнгийг төсөвлөхийг Сангийн яаманд даалгасугай.” хэмээн заажээ.
Үндэсний төв архивын байр 1957 онд ашиглалтанд орсноор Жанрайсаг болон түүний хашаан дахь модон гэр, байшингуудаас баримт материалаа зөөж шинэ байрандаа оруулах их ажлыг эхлүүлж, баримтуудаа зургаан ачааны машинаар гурван сар зөөн байршуулжээ.
Архивын ерөнхий газрын түүхэн товчоо
2015 Архивын ерөнхий газрын шинэ байр ашиглалтанд оров.
2007 Монгол улсын Засгийн газраас Үндэсний төв архивын цогцолбор байр бариулах шийдвэр гаргав.
2006 Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр батлагдав.
2005 Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авиа бичлэгийн баримтын төв Олон улсын Кино архивын холбооны гишүүнээр элсэв.
2001 Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөлийн Евро-Азийн бүсийн салбар /ЕВРОАЗИКА/-ын гишүүн болов.
1998 Архивын тухай хууль батлагдав.
1996 Архивын ерөнхий газар нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болов.
1994 Монгол улсын Ерөнхийлөгч “Архивын салбарт шинэчлэл хийх үндсэн чиглэл”-ийг батлан гаргав.
1993 Архивын ерөнхий газар ОУАЗ-ийн Зүүн азийн бүсийн салбарын гишүүн болов.
1991 Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөл /ОУАЗ/-д “А” зэрэглэлийн гишүүнээр элсэв.
1960 Төв, төрөлжсөн, салбарын архивууд байгуулагдав.
1958 Орон нутгийн төрийн архивууд болон зарим тусгай архивууд байгуулагдав.
1948 Архивын ерөнхий газрын эх үүсвэр тавигдав.
1927 Үндэсний төв архивын эх үүсвэр тавигдав.
1921 Ардын засгийн газраас Монгол улсын түүхэнд холбогдох архивын баримт, эх сурвалж, ном судар, ховор нандин шастирыг орон даяар эрэн сурвалжилж, нийслэлд татан авч, төвлөрүүлэн, улсын хамгаалалтанд авах шийдвэр гаргав.
Зургийн эх сурвалж: 1957 он